All posts by bold

Шинэ бүтээл – Хүмүүс

Өдөр тутмын сонин, сэтгүүл, мэдээллийн сайтын гэрэл зурагчид болон баримтат гэрэл зураг сонирхон судалж, авдаг чөлөөт уран бүтээлчид нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг хөндөн гаргаж ирж нийтэд дэлгэн харуулж байна. Үүний жишээ нь уламжлал болон зохиогддог “Шинэ бүтээл-Хүмүүс” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн бөгөөд Гамма агентлагийн үүсгэн байгуулагчдын нэг гэрэл зурагчин Ц.Батзориг агсны нэрэмжит болгон зохион байгуулдаг уламжлалтай.

Дотуур байр

Тарагт сум нь Өвөрхангай аймгийн төвөөс 50-иад километрийн зайтай бөгөөд сумын дунд сургуулийн дотуур байр 50 гаруй хүүхдийн хоёр дахь гэр нь юм. Улсын Мэргэжлийн Хяналтын Албанаас уг дотуур байрыг шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч, үйл ажиллагаагаа явуулсаар л байна. Эцэг эх нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг, эсвээс гэр бүлийн амьдрал, ахуйн нөхцөл нь хүнд хүүхдүүд дотуур байранд амьдрахаас өөр аргагүй… “Аймгийн төсөвт хөрөнгө мөнгө нь ороод ирвэл танай сургуулийн дотуур байрыг барина гэдэг ч одоо болтол барилгын ажил эхлээгүй л байна. Улс орны эдийн засаг, хөрөнгө мөнгө тааруу байгаа болохоор ойрын үед ажил хэрэг болох нь юу л бол…” хэмээн сумын дунд сургуулийн багш ярилаа.
Энд хүүхдүүд ихэнхдээ цагийг хий хоосон, дэмий л өнгөрөөнө. Угтаа тэдний амьдралын гараа, сурч мэдэх хүсэл тэмүүлэл, хүн болон төлөвшиж, ирээдүйд хийж бүтээх он жилүүд нь хөдөөгийн сургуулийн энэ л дотуур байрнаас эхлэлтэй мэт. Тийм ч болохоор улс орны маань ирээдүйн эзэд болох олон олон хүүхэд багачуулд жирийн нэгэн дотуур байр нь дотно сайхан дурсамжийг үлдээж байх учиртай сан…

Нарантуул

Нарантуулаас ногоон хурганы арьс, нохойн битүү туурай оллоо гэвэл та гайхах уу? Үгүй л болов уу. Нийт 16 га талбайг хамрах Нарантуул захын ихэнх наймаа задгай талбайд өрнөж, 5000 хүн албан ёсоор лангуу түрээслэн бизнес эрхэлдэг. Эрсэн бүхнээ олж болох Нарантуул дээр монголчууд бидний амьдралын нийтлэг дүр зураг, жаргал, зовлон мөн л дэлгээстэй. Мэддэг юм шиг хир нь нүдээр харж, эргэцүүлэх тусам улам сонирхол татах“Нарантуул” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн бүтээлүүд. Б.Рэнцэндоржийн баатрууд бол өөрийн урласан гутлаа борлуулдаг Т.Оюунчимэг, тавилга хийж зардаг О.Цэнгэл, Эрээнээс малгай зөөж амьдралаа залгуулдаг Т.Түмэн-Учрал нар. Тэд өглөө нарнаар лангуугаа нээн арилжаагаа эхэлж, өдөржин ажиллаад үдэш болоход бараагаа хайрцаг саванд нь хийж баглаад гэр гэрийн зүг одоцгооно. Жавар тачигнасан хүйтэнд ч, нохой гаслам халуунд ч ажил бол ажил. Тэдний амьдрал хэрхэн өрнөдөг вэ, жаргал зовлон нь юу юм, ямар асуудал байна вэ? Энэ бүхнийг танд Б.Рэнцэндоржийн гэрэл зургууд өгүүлнэ. Амьд үйл явдал, дүр төрх өмнө тань дэлгэгдэн, хачир чимэггүйгээр үнэн түүхээ хүүрнэн ярих болно.