03

Нарантуул

Нарантуулаас ногоон хурганы арьс, нохойн битүү туурай оллоо гэвэл та гайхах уу? Үгүй л болов уу. Нийт 16 га талбайг хамрах Нарантуул захын ихэнх наймаа задгай талбайд өрнөж, 5000 хүн албан ёсоор лангуу түрээслэн бизнес эрхэлдэг. Эрсэн бүхнээ олж болох Нарантуул дээр монголчууд бидний амьдралын нийтлэг дүр зураг, жаргал, зовлон мөн л дэлгээстэй. Мэддэг юм шиг хир нь нүдээр харж, эргэцүүлэх тусам улам сонирхол татах“Нарантуул” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн бүтээлүүд. Б.Рэнцэндоржийн баатрууд бол өөрийн урласан гутлаа борлуулдаг Т.Оюунчимэг, тавилга хийж зардаг О.Цэнгэл, Эрээнээс малгай зөөж амьдралаа залгуулдаг Т.Түмэн-Учрал нар. Тэд өглөө нарнаар лангуугаа нээн арилжаагаа эхэлж, өдөржин ажиллаад үдэш болоход бараагаа хайрцаг саванд нь хийж баглаад гэр гэрийн зүг одоцгооно. Жавар тачигнасан хүйтэнд ч, нохой гаслам халуунд ч ажил бол ажил. Тэдний амьдрал хэрхэн өрнөдөг вэ, жаргал зовлон нь юу юм, ямар асуудал байна вэ? Энэ бүхнийг танд Б.Рэнцэндоржийн гэрэл зургууд өгүүлнэ. Амьд үйл явдал, дүр төрх өмнө тань дэлгэгдэн, хачир чимэггүйгээр үнэн түүхээ хүүрнэн ярих болно.