Дотуур байр

Дотуур байр

Тарагт сум нь Өвөрхангай аймгийн төвөөс 50-иад километрийн зайтай бөгөөд сумын дунд сургуулийн дотуур байр 50 гаруй хүүхдийн хоёр дахь гэр нь юм. Улсын Мэргэжлийн Хяналтын Албанаас уг дотуур байрыг шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч, үйл ажиллагаагаа явуулсаар л байна. Эцэг эх нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг, эсвээс гэр бүлийн амьдрал, ахуйн нөхцөл нь хүнд хүүхдүүд дотуур байранд амьдрахаас өөр аргагүй… “Аймгийн төсөвт хөрөнгө мөнгө нь ороод ирвэл танай сургуулийн дотуур байрыг барина гэдэг ч одоо болтол барилгын ажил эхлээгүй л байна. Улс орны эдийн засаг, хөрөнгө мөнгө тааруу байгаа болохоор ойрын үед ажил хэрэг болох нь юу л бол…” хэмээн сумын дунд сургуулийн багш ярилаа.
Энд хүүхдүүд ихэнхдээ цагийг хий хоосон, дэмий л өнгөрөөнө. Угтаа тэдний амьдралын гараа, сурч мэдэх хүсэл тэмүүлэл, хүн болон төлөвшиж, ирээдүйд хийж бүтээх он жилүүд нь хөдөөгийн сургуулийн энэ л дотуур байрнаас эхлэлтэй мэт. Тийм ч болохоор улс орны маань ирээдүйн эзэд болох олон олон хүүхэд багачуулд жирийн нэгэн дотуур байр нь дотно сайхан дурсамжийг үлдээж байх учиртай сан…